Гал, хулгайн дохиолол
Барилга байгууламж эд хөрөнгөнд учирч болох урьдчилан тааварлашгүй маш олон эрсдэлүүд байдаг. Үүнд гал түймэр болон халдлага хулгайн эрсдэл багтана. Эдгээр аюул нь хүний эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулж, их хэмжээний хохирлыг бий болгодог. Тиймээс энэ болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс галын дохиоллын систем, гал унтраах систем, хулгайн дохиоллыг барилгуудад суурилуулж өгдөг. Гэтэл өнөөдөр манай барилгын салбарын галын болон хулгайн дохиоллын систем стандартын чанар шаардлагыг хангахгүйгээс болж албан байгууллага хувь хүмүүс эд хөрөнгө амь насаараа хохирсоор байна. Манай байгууллага нь энэхүү эрсдэлээс хамгаалах шийдлүүдийг үйлдвэрлэл, үйлчилгээ, оффис, орон сууц, сургууль цэцэрлэг, зочид буудал, эмнэлэг зэрэг олон төрлийн барилга объектууд болон үйлдвэрлэлийн процессын бүхий л хэсгүүдэд санал болгож байна.
Галын дохиолол нь зориулалтын мэдрэгчүүдийн буюу утаа мэдрэгч, дулаан мэдрэгчүүдийн тусламжтайгаар галын аюулыг цаг алдалгүй мэдээлэх үүрэгтэй. Энэ системийг уламжлалт, хаяглагддаг хэмээн ангилж болно. Уламжлалт систем нь хэд хэдэн зонд хуваагдан ажиллаж объектод гал гарсан үед дохиолол дуугарах системтэйгээр ажилладаг бол хаяглагддаг систем нь мэдрэгч тус бүр дээр хаяг бий болгож барилгын яг аль хэсэгт галын аюул байгааг зааж өгдгөөрөө давуу талтай мөн хаяглагддаг галын дохиоллын системийг дотор нь аналог ба дижитал гэж хуваана. Аналог систем нь дохиолол өгч буй мэдрэгчийн байршлыг тодорхойлж, мэдрэгчийн бохирдолтын зэрэг, мэдрэгчийн гэмтэл, доголдлыг илрүүлэх, програмчлалын аргаар галын мэдээлэгч хонх, гэрэл, оролт гаралтын модулиудыг нэг тус бүр болон групп болгон удирдах, галын унтраах системийн хяналт, зарлан мэдээлэх, нэвтрэх систем болон бусад системүүдтэй интеграци хийх, олон удирдлагын панелиуд бүхий тусдаа системүүдийг нэгтгэх, тэдгээрийг график интерфейс ашиглаж хянах зэрэг олон үйлдлийг үзүүлдэг. Харин дижитал систем нь дохиолол өгч буй мэдрэгчүүдийг бүлэглэсэн бүсийн мэдээллийг үзүүлж чаддаг. Системийн ажиллагаа болон ашиглалт хийхэд хялбар.
Хулгайн дохиолол нь барилга байгууламжид зөвшөөрөлгүй нэвтрэх, халдлага зэргийг илрүүлэх зорилготой. Уг дохиоллын системийг орон сууц, худалдаа үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай объектуудыг хулгай, дээрмийн халдлага, өмч хөрөнгөнд учрах хохирлоос хамгаалах зорилгоор ашигладаг. Хөдөлгөөний мэдээлэгч нь инфра улаан туяаны тусламжтайгаар орж ирсэн биетийг мэдрэх зарчмаар ажилладаг. Дохиолол нь эргэн тойрныхоо хөдөлгөөнийг мэдрэх буюу 360 градусын хүрээнд хөдөлгөөнийг мэдэрнэ. Мэдээлэгч тус бүрийн мэдрэх хязгаар нь харилцан адилгүй тул тухайн тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамааруулан хэчнээн мэдрэгч суурилуулахыг тодорхойлдог бол хаалга цонхны мэдээлэгч нь цахилгаан соронзон орны зарчмаар буюу хаалга нээгдэхэд контакт тасарч удирдлагын панелрүү мэдээлэл дамжуулах зарчмаар ажиллана.